Миний амьдрал бүхэлдээ сурах, сургах, суралцахыг л тойрон эргэлддэг юм байна.
Намайг жоохон байхаас л даруухан, дуу нь гардаггүй гэж хэлдэг байсан учир би ч үүндээ бүр итгэчихсэн бараг нэх дуугардаггүй байлаа. Харин 2000 онд Шри Шри Амьдрах Урлагийн бясалгалын хичээлд https://www.facebook.com/AOLMongolia анх суугаад, их таалагдсан учир Амьдрах урлагийн гүнзгий шатны хичээлүүд, багш бэлтгэх сургалтанд хүртэл сууж, өөрийнхөө тухлаг бүсийг эвдэж, өнөө дуу нь гардаггүй хүн маань иог, бясалгалын хичээл зааж эхэлсэн. Иог, бясалгалыг 25 жил хийж байгаа хүний хувьд энэ гайхалтай зүйл хүний нөөц чадваруудыг нээж, хувь хүний хувьд ахиж дэвшихэд үнэхээр тусалдаг гэдгийг би бие хийгээд сэтгэлээрээ мэдэрсэн юм. Тийм учир иог, бясалгал бол миний амьдралын хэв маяг, нэг ёсны миний мода, миний гангараа юм аа.
Их сургуульд 6 жил сурч, уламжлалт анагаахын эмчээр төгсөхдөө Монголын уламжлалт анагаах ухаанд хүнийг 7 төрөлх өвөрмөц чанарт хувааж, хий шар бадганы эзлэх хувь нь хүний онцлог мөн чанарыг бүрэлдүүлдгийг мэдэж авсан нь миний хувьд маш сонирхолтой өнцөг байсан юм. Тухайн хүний хий, шар, бадганы эзлэх хувийг тогтоосноор тэр хүн юунд дуртай, ямар онцлогтой гээд олон зүйлийг яг л зурхайч, үзмэрч шиг хэлж болно гээд бод доо.
Ажлын талбар дээр гараад 16 жил болсон ч шинийг эрэлхийлэх дуртай зангаараа 2019 онд коучинг, арт терапийн Aigul Khausak багшийн хичээлүүдэд суусан маань миний амьдралд нэгэн гайхалтай шинэ хуудсыг нээсэн юм. Энэ үед би өөртэйгээ нилээн тулж ажилласан. Үүний үр дүнд энэ хүртэл хуримтлуулсан мэдлэг, туршлагаа хүмүүстэй хуваалцах арга ухааныг олж, оюутан байхаас хувийн эмнэлэгтэй болоод хийнэ дээ гэж бодож мөрөөдөж байсан зүйлүүдийнхээ заримаас биелүүлж, онлайнаар эрүүл мэндийн сургалт, хөтөлбөрүүдээ явуулж эхэлсэн. Хэрэв би хувийн эмнэлэгтэй болохоо хүлээсэн бол өдийд нэг гэгээн сайхан мөрөөдөлтэй хүн л явж байх байсан байх.

2023 онд Дасгалжуулалтын Академи-ийн сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдаж, хувь хүний хөгжил дэвшилдээ үнэтэй хувь нэмэр, ахиц дэвшлийг өөртөө бий болгож чадлаа.
Хүн суралцаж байж, цаг зав, хөлс хүч, мөнгө төгрөгөө зориулж байж л хөгждөг юм билээ.
Дасгалжуулалтын академиас сурсан нэг гайхалтай зүйл бол энергийн урсгалын зөвлөх (flow consultant) болсон явдал юм. Зарим хүмүүс богино хугацаанд маш их зүйлийг амжуулдаг байхад зарим хүмүүс маш их хичээж чармайж байгаа ч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байх нь бий. Энэ нь тухайн хүн өөрийн энергийн урсгалаа олсон эсэхээс л хамаардаг юм билээ. Хүнд хэрэв дайнамо энерги давуу байвал юмыг шинээр санаачлах, бүтээхдээ авъяастай байдаг. Блэйз энерги давамгай байвал хүмүүстэй харилцаа үүсгэх, хүмүүсийн өмнө гарч ирэх одоогийн бидний хэлээр бол сайн инфльюнсер байж чаддаг. Харин темпо энерги өндөртэй хүмүүс бусдыг халамжилж чаддаг, хэнд юу хэрэгтэй байгааг хамгийн сайн мэдэрдэг бол стиль энерги өндөртэй хүмүүс хүнтэй ажиллахаасаа илүүтэй техник аппараттай сайн ажилладаг, зожигдуу, дуугай дотогшоо хүмүүс байдаг. Энэ 4 энергийн хувь хэмжээнээс хамааран хүнийг 8 профайлд хувааж үздэг гээд олон сонирхолтой зүйлийг мэдэж авч, суралцаж, 2024 оноос энергийн урсгалын зөвлөх үйлчилгээг үзүүлдэг болоод байна.
Өнөөдрийн намайг бүтээх хүртэл надад зааж сургаж, ухааруулж ойлгуулсан бүхий л багш нартаа, коуч, менторууддаа чин сэтгэлээсээ баярлан талархаж байна.
Мэдлэгийг хуваалцах тусам арвиждаг, мэдлэгийг ашиглах тусам өнгө ордог учир эрүүл мэнд, хувь хүний хөгжлийн талаарх мэдлэг, мэдэрсэн зүйл, ухаарал, туршлага, зөвлөгөөгөө хуваалцахаар цахим хуудас, фэйсбүүк хуудас, Эрүүл амьдрахуй клуб, Эрүүл амьдрахуй группээ нээн ажиллуулдаг билээ. Танд эрүүл энх, аз жаргалтай сайхан амьдрахыг хүсэн ерөөе!